Хуучны угсармал барилга болон шинэ үеийн угсармал барилгын ялгаа

Бид өмнөх нийтлэлд угсармал барилгын давуу талыг танилцуулсан бол энэ удаад та бүхэнд шинэ болон хуучны угсармал барилгын ялгааг сонирхуулж байна.

Монгол Улсад угсармал барилгын технологиор анх “Байшин Үйлдвэрлэх Комбинат-1” 1963 онд үүсгэн байгуулагдсанаар Улаанбаатар хотын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн түүхтэй. Эдгээр бүтээн байгуулалт нь та бидний сайн мэдэх 220 мянгат, Сансар хороолол, 15-р хороолол, 19-р хороолол, 1,3,4-р хорооллын  угсармал 12 давхар барилгууд. Эмнэлгийн барилгаас Гэмтлийн эмнэлэг Шастины нэрэмжит нэгдсэн III-р эмнэлэг, Халдвартын эмнэлэг, Хавдар судлалын эмнэлэг. Мөн бусад соёл олон нийтийн барилгаас Гэрлэх ёслолын ордон, МҮОНРТелевиз, Соёлын төв өргөө, Хүүхдийн ордон, Залуучуудын соёлын төв, Хүүхэд залуучуудын театр гэх мэт маш олон барилгууд нь тухайн үеийн “БҮК-1”-ийн бүтээгдэхүүн болох угсармал хавтангаар баригдсан юм.

  • Барилгын дулаан хадгалах чанар илүү сайн

Хуучны угсармал барилгын гадна хaна керамзит бетоноор хийдэг байсан. керамзит нь дулаалгын материал ч гэсэн керамзит бетон болохын тулд дүүргэгч элс, цемент гээд  дулаалгын бус материалаар чигжигдэж байгаа учир дулаан алдагдал өндөртэй болж байгаа юм.  Манай шинээр хийж байгаа гадна хана үндсэн 3-н үетэй ба 17см дулаалгын үетэй учраас дулаан хадгалах чадвар илүү сайжирсан.

  • Материалын чанар

Хуучны угсармал барилгад В15 ангийн бетоныг түлхүү хэрэглэдэг байсан одоо бид  В25 түүнээс дээш ангийн бетоныг хэрэглэж байгаа.  Энэ нь мэдээж төмөр бетон бүтээцийн бат бөх өндөр болж байгаа юм.

  • Стандарт хэмжээ

Эдлэхүүний хэмжээ хатуу өөрчлөх боломжгүй байсан бол одоо төрөл бүрийн хэмжээтэй эдлэхүүнүүд үйлдвэрлэх боломжтой болж байгаараа давуу талтай үйлдвэрлэх илүү олон төрлийн хэмжээтэй барилга үйлдвэрлэх болно.

  • Үйлдвэрийн бүтээгдэхүүний давуу тал

Угсармал барилгын эдлэхүүнийг үйлдвэрлэхэд чанарын хяналтын олон дамжлагыг дамжин  гардаг тул чанартай бүтээгдэхүүн гарна. Мөн манай шинэ үйлдвэр нь бүрэн автомат ухаалаг удирдах системтэй тул хуучин үйлдвэрээс бүтээмж болон нарийвчлал өндөртэй. Тухайн эдлэхүүнийг нарийвчлал өндөртэй үйлдвэрлэх нь барилгын угсралтын өртөг,  хугацаа буурч байгаараа барилгад том давуу талыг олгож байна.

Угсармал барилгын давуу тал юу вэ?

Бид та бүхэнд угсармал барилгын технологийн талаар илүү сайн, зөв ойлголт өгөхийн тулд цуврал хэлбэрээр нийтлэл оруулахаар боллоо. Манай эхний нийтлэл бол…

Энэ сэдвийг эхлэхийн өмнө угсармал барилгын түүхийг харвал анх урьдчилж цутгаж бэлдсэн төмөр бетон хавтанг эртний Ромын үед усны далан барихад ашиглаж байсан бол орчин үеийн түүхэнд анхны угсармал хавтан ашиглаж барьсан барилга нь 1905 Англи улсын Ливерпүль хотод баригдсан байдаг.

Өдгөө дэлхий дахинд барилга барих олон аргачлал байдгаас та бидний сайн мэдэх аргачлалууд бол бүрэн цутгамал, төмөр карказ, тоосго, блок, угсармал барилга юм. Эндээс онцлох барилгын аргачлал бол угсармал хавтангаар барих технологи юм. Энэ технологи нь өөрийн гэсэн олон онцлог болон давуу талуудтай юм.

  • Улирал харгалзахгүй

Жилийн 4 улиралд хавтанг үйлдвэрлэж барилгын ажлыг зогсолтгүй барих боломжтой.

  • Масс үйлдвэрлэл

Хавтанг их хэмжээгээр үйлдвэрлэж, барилгын төслийг хороолол хотхоноор нь баривал илүү давуу талтай

  • Цаг хэмнэлт

Бэлэн хавтангуудыг богино хугацаанд угсрах боломж нь маш их цаг хэмнэдэг

  • Хямд өртөг

Дээрх давуу талууд нь барилгын өртгийг бууруулахаас гадна барилгын фасад, цонх, инженерийн сувагчлалуудыг үйлдвэрт хийж өгснөөр мөн өртөг буурах юм

  • Баталгаат чанар

Үйлдвэрийн шат дамжлагаар хийгддэг тул өндөр чанартай, хүний гар алдаа байхгүй

  • Эрчим хүчний хэмнэлт

Дулаалгын хөөс 25см хүртэл хийх боломжтой тул дулаан алдагдал маш бага мөн дулаан алдагдлын гүүргүй

  • Галд тэсвэрлэлт

Бүх хаалга цонхны хүрээ чулуун хөвөнгөөр хүрээлэгдсэн

  • Газар хөдлөлтөд тэсвэрлэлт

Зураг төсөл тооцоог 8-9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй хийгддэг

Шинэ байр худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Шинэ байр худалдан авахдаа юуг анхаарах вэ? | Батзул Гэрэлсайхан

Зарим хүмүүс хуучин байр худалдан авж, засвар хийн нүүж ордог. Харин зарим нь шив шинэ байр худалдан авахыг илүүд үздэг. Энэхүү нийтлэлээр би шинэ орон сууц худалдаж авахад барилга барьж буй компанийн түүх болон өмнөх туршлагa гэх мэтчилэн чухал зүйлүүдийг яагаад мэдэх хэрэгтэйг уншигч танд тайлбарлая.

1. Байршил сайн уу?

Байршил. Байршил. Байршил. Энэ бол таны хамгийн түрүүнд анхаарах зүйл юм. Та ирээдүйд байраа зарахад таны энэ байр үнэ цэнээ барьж үлдэх эсэх нь байршлаас их хамаарах тул барьж буй компаниас илүү байршил нь чухал гэдгийг ойлгоорой.

2. Тухайн компани нь барилгын салбарт тэргүүлэгч, туршлагатай, нэр хүндтэй юу?

Таны сонгосон компанийн барилгын салбарт удаан ажилласан туршлагатай байдал, өмнө нь байр худалдан авч байсан үйлчлүүлэгчдийнх нь сэтгэл ханамж, салбартаа нэр хүндтэй эсэхийг та судалж үзээрэй. Учир нь туршлагатай, нэр хүндтэй компаниас та шинэ байр худалдаж авах нь эрсдэл багатай бөгөөд зөв хөрөнгө оруулалтын нууцуудын нэг юм.

3. Чанартай барилга барьдаг уу?

Тухайн компанийн өмнө нь барьж байсан барилгууд нь хэрхэн үнэ цэнээ барьж байгаа эсэх? Ямар материал ашиглаж барьдаг компани болох? Тухайн хотхоны олон хүмүүс байраа зарахаар зар тавьсан байна уу? Эсвэл танд худалдаж байгаа эзнийг олоход хүндрэлтэй байна уу? Эдгээр асуултуудын хариултуудаас та тухайн компани чанартай эсвэл чанаргүй барилга барьдаг талаар амархан мэдэж болно.

4. Үнэтэй юу? Үнэтэй бол үнээ дагаад чанартай байна уу? Эсвэл үнэтэйгээ харьцуулахад чанаргүй байна уу?

Үнэтэй байж болно. Харин хамгийн чухал асуулт нь үнээ дагаад чанартай байна уу? Эсвэл хэт хөөрөгдсөн үнэтэй, чанаргүй байр байна уу? Та үүнийг бусад компаниудын барилгын үнэтэй харьцуулж харж болно. Яг хажууд нь шинэ орон сууц 3сая/м2 орчим үнэтэй байхад 7 сая/м2 гэсэн борлуулалтын үнэ тавьсан бол та ямар материал ашигласан талаар судалж харьцуулаарай.

 

5. Төлбөрийн уян хатан байдал? Зээл авах боломж?

Манайд хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг бол солонгорсон байрны зээлийн боломж байхгүй байгаад оршино. 8%-ийн зээл нь зөвхөн 80м2-аас доош, шинэ байр авах тохиолдолд, 1 жил тогтвортой ажилласан, барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөтэй гэх мэт өндөр шалгуурууд тавьсан байдаг. Харин та 80м2-аас дээш талбайтай байр авах гэж байгаа нөхцөлд 8%-ийн зээлд хамрагдахгүй бол барилга барьж буй компанитай хүүгүй төлбөрийн задаргаатай гэрээ байгуулж болно. Зарим барилгын компаниуд нь өөрсдөө банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-тай байдаг бөгөөд арилжааны банкнуудаас илүү хурдан зээлийг танд гаргаж өгдөг. Гэхдээ бүх барилгын компаниуд адил биш гэдгийг анхаараарай.

6. СӨХ-ийн менежмент хэр вэ? Баталгаат хугацааны засвар, үйлчилгээ хэр сайн эсэх?

Өнөө үед худалдан авагчид СӨХ-ийн менежментийг их анхаардаг болсон. Байр худалдаж авлаа, даанч цэвэрлэгээ муу, засвар удаан, барилгын элэгдэлд тохирсон засвар, ногоон байгууламжийн цэцэрлэгч гэх мэт үйлчилгээнүүд нь таны байрны үнэ цэнийг хадгалахад их нөлөөтэй юм. Тиймээс бариад л дампуурах эрсдэлтэй компани биш, барилгаа торддог ба засвар үйлчилгээ сайн СӨХ-тэй байх нь их чухал юм шүү.

7. Хамгаалалт, камержуулалт, гэрэлтүүлэг

Хамгаалалт нь сайн уу? 24 цагийн жижүүр, камер, хамгаалагч болон ресепшин байгаа юу? Гаднах гэрэлтүүлэг сайн уу оройн цагт? гэх асуултуудад та хариултууд хайгаарай. Учир нь хамгаалалт сайтай, 24 цагийн камержуулалттай байх нь та болон таны гэр бүл, эд хөрөнгөнд баталгаа өгөх эх үүсвэр болж өгнө.

8. Ашиглалтын зардал? Хотын дэд бүтэц ба системтэй холбоотой юу? Эсвэл цахилгаанаар халдаг, өндөр ашиглалтын зардалтай юу?

Та шинэ байраа хотын дэд бүтэц болон системтэй холбоотой ба зөвшөөрөлтэй байр мөн гэдгийг заавал шалгаарай. Төрөөс хууль бусаар барьж буй барилгын жагсаалтыг гаргадаг бөгөөд та энэ жагсаалтыг заавал харж шалгаарай. Мөн зөвшөөрөлтэй ч гэсэн хотын дулаан, бохир зэрэгт холбогдоогүй бол таны сарын цахилгааны төлбөр маш өндөр гарах тул таны санхүүгийн байдалд сар болгон дарамт үзүүлэх асуудал юм. Тиймээс заавал хотын дэд бүтэцтэй бүрэн холбогдсон ба зөвшөөрөлтэй барилгуудаас л шинэ орон сууцаа худалдаж авахыг зөвлөж байна.

9. Интерьер, экстерьер дизайн сайн?

Гайхалтай экстерьер ба архитектур дизайнтай байшингууд Улаанбаатар хотод сүндэрлэж байгаа билээ. Мөн зарим хотхонууд цаанаасаа гал тогоотой, хувцасны өрөө, бүрэн тавилгатай зарж байгаа тренд сүүлийн үед гарч ирж байна. Энэ нь яагаад чухал вэ гэхээр та хотхоны буюу барилгын гаднах ба доторх тохижилт ба өрөөний зохион байгуулалтыг цогцоор нь авч байгаад оршино. Ямар гал тогоо хийх үү гэж санаа зоволтгүй шууд нүүж ороход бэлэн байрууд бас гарч ирж байна.

10. Зогсоолын асуудлыг сайн шийдвэрлэдэг?

Барилгын компани нь энэхүү зогсоолын асуудлыг хэрхэн шийдсэн байгааг та сайн шалгаарай. Доороо хэдэн давхар дулаан зогсоолтой байна? Гаднах зогсоол байна уу?

 

11. Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлдэг?

Та одоо ганц бие байж болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт ам бүл нэмж байраа томсгох асуудлаас эхлүүлэн гадаа хүүхэд тоглох талбай, ногоон байгууламж байна уу гэж та асууж эхлэх болно. Тиймээс зарим барилгын компаниуд таны жижиг байрыг том байраар сольж зөрүүг нь төлөх боломжтой хувилбарыг бас санал болгож эхэлж байна.

12. Хотхоны төлөвлөлт, гадна тохижилт ба ногоон байгууламж сайн, цогцоор нь хийсэн үү?

Зөвхөн зогсоол биш хотхоны төлөвлөлт ба гаднах тохижилт буюу ногоон байгууламж нь хэр байна? Ойр хавьд хүнсний дэлгүүр, фитнесс төв, зогсоол, ногоон цэцэрлэг, хүүхдийн цэцэрлэг ба сургууль хэр олон мөн хэр хол байна?

13. Санхүүгийн чадавхтай ба дампуурчихгүй компани уу?

Барилгын компанийн санхүүгийн чадавх нь яагаад чухал гэхээр хэт их өртэй компаниуд таны захиалсан байрыг барьцаанд тавьчихсан байх аюултай байдагт оршино. Дуусаагүй барилгад хөрөнгө оруулалт хийхэд том дүнтэй хөнгөлөлт авах давуу тал байдаг хэдий ч барилгын үйл явц удаашрах буюу гацаж таны мөнгийг гацаах аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь та дуусаагүй байрыг маш хямд авч байгаа ч гацах эрсдэлийг өөр дээрээ авч байгааг сайн ойлгох хэрэгтэй юм. Тиймээс шинэ байр авч байвал дууссан буюу улсын комиссоор ороод шалгуурыг нь давсан эсвэл үнэхээр нэр хүндтэй барилгын компаниас л шинэ дуусаагүй байрыг худалдан авахыг зөвлөе.

14. Шинэ байраа хараат бус компаниар хэмжүүлж үнэлгээ авах хэрэгтэй

Барилгын явцад м2-ийн зөрүү гарах явдал байдаг бөгөөд та хамгийн сүүлийн төлбөрөө хийхээс өмнө хараат бус хэмжилтийн компаниар худалдан авч буй байраа хэмжүүлж үзээрэй. 100м2 байр худалдаж авлаа, гэхдээ яг хэмжээд үзэхээр 95м2 эсвэл 105м2 гээд бүр илүү ч байх тохиолдол бий шүү.

15. Дүгнэлт — Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө ав

Дүгнэж хэлэхэд үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг найз болон олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэнтэй сууж зөвлөгөө авах хэрэгтэй. Ялангуяа та анхны байраа худалдаж авч байгаа бол туршлага дутах ба заавал үл хөдлөх хөрөнгийн туршлагатай хүмүүстэй уулзаж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Учир нь та зах зээлээс илүү өндөр үнээр худалдаж авах магадлал өндөр, мөн олон жил ажилласан туршлагатай хүмүүс танд өөр илүү ч байрны саналыг өгөх явдал бий.

address

Choijin Suites, Jamyan Gun Road 22,
Sukhbaatar district, 1st khoroo,
Ulaanbaatar 14240, Mongolia

 

© erel properties All rights reserved.

CONTACT

G.Batzul

Executive Director

  • +(976) 9917 8790
  • batzul@erelproperties.com

ENQUIRE